Танилцуулга

Гласгогийн их сургууль нь 1451 онд байгуулагдсан Шотландын хамгийн эртний 4 их сургуулийн нэг юм. Тус сургууль хууль, анагаах ухаан, иргэдийн үйлчилгээ, багш, сүм хийд, шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. 2009 онд Гласгогийн их сургууль нь сургалтынхаа чанараар Их британи улсын шилдэг 10 сургуулийн нэгээр шалгарсан. Мөн тус сургууль нь Их британи улсын судалгааны шилдэг их сургуулиудын Russell Group-н гишүүн сургууль юм.

Нэр хүнд

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад 2011 онд 59, 2012 онд 54, 2013 онд 51-т тус тус бичигдсэн. Мөн төгсөгчдийн ажлын боломжоороо Их британи улсдаа 20-т, Шотландад 3-т ордог. Гласгогийн их сургууль нь үндсэн 19 хичээлийн чиглэлээр Их британи улсын шилдэг 10 их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд 14 хичээлийн чиглэлээр Шотланддаа тэргүүлдэг шилдэг их сургууль юм.

Кампус

Галсгогийн их сургууль нь хэд хэдэн кампустай. Гол кампус нь Hillhead-д байдаг Hillhead кампус юм. Мөн Bearsden-д Garscube эдлэнтэй бөгөөд энд мал эмнэлгийн сургууль, одон орон судлалын төв байдаг. Tус их сургуулийн спортын факультет, Шүдний сургууль хотын төвд байрлах ба сургалт судалгааны төв нь Гласго их сургуулийн эмнэлэгт байрладаг. Гласгогийн их сургуулийн Crichton кампус нь Dumfries-т байдаг.

Номын сан, архив

Гласгогийн их сургуулийн номын сан нь Төв барилгын эсрэг тал буюу Hillhead Street-д байрладаг, Европын хамгийн эртний, хамгийн том номын сангуудын нэг юм. Уг номын сан нь 3сая гаруй ном сэтгүүл, өргөн хүрээг хамарсан 51900 гаруй цахим сэтгүүлтэй. Мөн энэхүү номын санд тогтмол хэвлэл, тусгай эмхтгэл, ховор материал сэлт хадгалагдаж байдгаас гадна 800 гаруй компьютер бүхий, 2500 оюутны багтаамжтай уншлагын танхим байх бөгөөд номын сангийн барилга бүхэлдээ утасгүй интернетэд бүрэн холбогдсон.

Гласгогийн их сургуулийн архив: Энэ нь тус их сургуулийн холбогдолтой баримт сэлтийг хадгалдаг гол газар бөгөөд 1451 онд байгуулагдаж байсан.
Вэб хаяг: https://www.gla.ac.uk/