Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
Мэдээ

Англи хэл сурах хамгийн үр дүнтэй 5 арга

Нийтэлсэн: February 14, 2020 Сэтгэгдэлгүй

1. Шинэ мэдлэг олж авахын тулд унших

Энэхүү арга нь таныг шинэ мэдлэг олж авах буюу шинэ үг, хэллэгийг тогтоож авахад тустай хамгийн оновчтой арга юм. Хүмүүс аливаа ном, зохиол, нийтлэлийг уншихдаа утга санааг нь ойлгох гэж уншдаг бол энэхүү арга нь илүү хэл зүйн санаанд нь чиглэдэг байна.

Энэхүү аргыг ашиглахдаа та номыг бүлэг бүлгээр нь унших ба ингэхдээ та ойлгоогүй үг, өгүүлбэрээ унших явцдаа тэмдэглэх боловч уншихаа зогсож болохгүй. Нэг бүлгийг уншиж дууссаныхаа дараа та өөрийн тэмдэглэсэн ойлгоогүй үг, өгүүлбэрийг тусад нь тэмдэглэл дээр тэмдэглэж эдгээр үг, өгүүлбэрийн утгыг интернет, толь бичиг, эсвэл таньдаг хэн нэгнээсээ лавлан асууж мэдэж авах хэрэгтэй. Үг, өгүүлбэрүүдийн утгыг мэдэж авсны дараа та уншсан бүлгээ дахин нэг удаа унших маягаар номоо бүтнээр нь уншиж дуусгах юм.

2. Сонсох арга

Уншихтай адил Англи хэлийг сонсох хоёр арга байдаг:

  1. Сонсож байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж сонсох
  2. Ямар нэгэн өөр зүйл хийж байхдаа сонсох

Хэдийгээр ихэнх тохиолдолд сонсож буй зүйлийнхээ утга санааг ойлгохоор төвлөрч сонсох нь хэрэгтэй боловч өөр бусад зүйл хийж байхдаа өөрийн дуртай подкаст, видео зэргийг сонсох нь таны мэдлэг, чадварыг улам бүр нэмэгдүүлнэ. Та гүйх, нохойгоо салхилуулах, гэрээ цэвэрлэх гэх мэт өдөр бүр давтамжтай хийдэг ажлаа хийж байхын хажуугаар англи хэл дээрх өөрийн сонгосон материалыг сонссоноор далд ухамсартайгаар англи хэлийг сурч англи хэл дээрх авианууд болон хүмүүсийн ярьж буй хэлбэрт дасаж сонсох чадвар тань маш хурдацтай сайжирдаг байна.

3. Хүмүүсийн яриаг дуурайж ярих

Зөв, цэвэр дуудлагатай ярьж сурна гэдэг Англи хэл сурахын хамгийн том асуудал боловч биелэгдэшгүй даваа биш юм. Англи хэлээр зөв ярьж сурахад тань туслах оновчтой аргуудын нэг нь зөв, цэвэр дуудлагатай ярьж буй хүний яриаг дуурайж ярих явдал юм. Ингэхийн тулд та ямарваа нэгэн ярианы аудио хэлбэрийг текстийн хамтаар олж аваад хамгийн эхний ээлжид аудио хэлбэрийг сонсоно. Үүний дараагаар та ярьж буй хүний яриаг дуурайж давтаж ярих ба ингэхдээ дуу хураагуураар өөрийн яриаг давхар бичиж авна. Өөрийн яриаг харьцуулж сонсоод аливаа алдаа дутагдлыг засах замаар алдаагүй, зөв ярьдаг болтлоо давтах юм. Тус арга нь зөвхөн ярих чадварыг сайжруулаад зогсохгүй таны сонсголын чадвар, үгийн сан, дүрмийн мэдлэгийг ч мөн дээшлүүлдэг аж.

4. Сурах хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл

Англи хэл сурахдаа хоёр зүйлийг анхаарч үзэх нь чухал юм.

  1. Өдөр тутмын, өргөн хүрээнд хэрэглэгддэг үг, хэллэгүүд
  2. Таны сурах хэрэгтэй үг, хэллэгүүд

Өргөн хэрэглээний, өдөр тутмын Англи хэлийг сурахаас гадна та өөрийн хийх гэж буй ажил мэргэжил, суралцах гэж буй салбарын үг, хэллэгүүдийг сурах шаардлагатай.

Жишээлбэл, хэрэв та инженерчлэлийн чиглэлээр сурах гэж байгаа бол эсвэл ресторанд цагийн ажил хийх гэж байгаа бол тухайн чиглэлээр хэрэглэгддэг хэллэгүүдийг сурах нь чухал. Энэ нь таны цагийг хэмнэж, өөрт хэрэгтэй хэлийг хурдан хугацаанд сурахад дөхөм болно.

5. Хийх хэрэгтэй зүйлээ хий… гэхдээ Англи хэл дээр

Ингэснээр та хаана байгаагаасаа үл хамааран өөрийгөө Англи хэлтэй бүрэн уусгах боломжтой. Тус арга нь маш энгийн. Та хийж байгаа эсвэл хийх хэрэгтэй зүйлээ Англи хэл дээр хийхэд л шаардлагатай. Ямар нэгэн шинэ бараа авахаар судалж байгаа бол Англи хэл дээр судал, өдрийн тэмдэглэл бичих гэж байгаа бол Англи хэл дээр бич, шинэ содон мэдээ мэдээллийг Англи хэл дээр уншиж ав, кино үзэхдээ Англи хэл дээр үз гэх мэт.

Сэтгэгдэл үлдээх